Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэн Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол хэлний стандарт шалгалт, програм хангамжийн тогтолцоо боловсруулах” төслийн хүрээнд зохион боловсруулсан “Олон улсын монгол хэлний шалгалтын тогтолцоо (TOMFL)” номын нээлтийн ёслол боллоо. Ёслолыг МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоотод 2023 оны наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулав.
Хэл шинжлэлийн сургалт, судалгааны байгууллагын эрдэмтэн багш нарын 2021-2023 онд боловсруулсан “Олон улсын монгол хэлний шалгалтын тогтолцоо (TOMFL)” хэмээх энэхүү бүтээл нь “Үндсэн аргачлал”, “Жишиг сорилго”, “Хэрэглэгчийн гарын авлага (www.tomfl.mn)”, төрийн албан хаагчдын монгол хэлний мэдлэг чадварыг үнэлэх “Монгол хэлний шалгалтын гарын авлага, жишиг сорилго” гэсэн дөрвөн номоос бүрдэнэ.
Гадаадын иргэний монгол хэлний мэдлэг, чадварыг үнэлэх зорилгоор олон улсад түгээмэл ашиглаж буй “Европын олон хэлний суурь хөтөлбөр”-ийн үндсэн зарчмыг суурь болгож, франц, хятад зэрэг бусад хэлний түвшин тогтоох шалгалтын стандартыг харгалзан үзэж монгол хэлний түвшин тогтоох шалгалтын “Үндсэн аргачлал”-ыг боловсруулжээ. Мөн ЕБДС-ийн монгол хэл, уран зохиолын хичээлийн сурах бичиг, сурагчдын зохион бичлэг, өдөр тутмын сонины нэг жилийн дугаар зэрэг эхээс өгөгдлийн сан бүрдүүлэх; Монгол Улсад ирж монгол хэл сурч, судалж буй оюутнуудаас сонгосон сэдвийн хүрээнд унших хурд, уншиж ойлгох хурд тогтоох судалгаа авах; эдгээр оюутнаас жишиг даалгаврыг гүйцэтгэх туршилтын шалгалтыг авч дүгнэлт боловсруулах; монгол хэлийг гадаад хүнд заах чиглэлээр мэргэшсэн багш нараас хэл зүйн агуулгыг түвшинд ангилах талаар цахим судалгаа авах зэрэг ажлыг хийж, түвшин тогтоох шалгалтын жишиг сорилгыг боловсруулсан байна. Шог зураач С.Цогтбаяраар жишиг сорилгын зургийг зуруулж, сонсох даалгаврыг мэргэжлийн нэвтрүүлэгчээр уншуулж бэлджээ.