МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс МУИС-ийн Зочин судлаачийн тэтгэлэгт шалгарсан Гадаадын монгол судлаачдын цуврал семинарыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн семинар 2023 оны 11-р сарын 23-ны 14 цагт МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 304 тоотод боллоо.
Семинарт 2023-2024 оны хичээлийн жилийн МУИС-ийн “Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг”-т шалгарсан БНХАУ-ын Шанхайн Хуадун Багшийн их сургуулийн түүхийн салбарын докторын дараах судлаач, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач Бөхөө БНМАУ дахь “Хятад иргэдийн нийгэмлэг”-ийн түүх (1949-1973) сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Уг илтгэлд БНМАУ, БНХАУ-ын хооронд 1949 онд дипломат харилцаа тогтоосноор БНМАУ дахь Хятад иргэдийн нийгэмлэг хоёр улсын харилцаа холбоонд чухал гүүр болж байсан төдийгүй, эртнээс уламжлан ирсэн хоёр улсын ард түмний хоорондын түүхэн сөрөг хандлагыг тодорхой хэмжээгээр зөөлрүүлсэн талаар дурдаж, Хятадын нийгэмлэгийн хөгжилд Монгол, Хятадын улс төрийн харилцаа, социалист лагерийн байдал зэрэг хүчин зүйл хэрхэн нөлөөлсөн талаарх асуудлыг ЗХУ-БНХАУ-ын хоорондын харилцааны хүрээнд задлан шинжилсэн судалгааны сонирхолтой үр дүнгээс танилцууллаа.
Семинарын хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид болон оюутнууд сонирхолтой асуулт асууж чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.