“Яриажуулах хандлага ба монгол бичгийн зөв бичих зүй (Буриад хэлний баримтын жишээгээр судлах нь)” сэдэвт семинар боллоо

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс МУИС-ийн зочин судлаачийн тэтгэлэгт шалгарсан гадаадын монгол судлаачдын цуврал семинарыг зохион байгуулдаг билээ.

Тус семинарын 2023-2024 оны хоёр дахь дугаарт “Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг”-т шалгарсан ОХУ-ын ШУА-ийн Хэлний судлалын хүрээлэнгийн докторант МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач Жамсоев Амгалан 2023 оны 12 сарын 7-ны Пүрэв гарагт “Яриажуулах хандлага ба монгол бичгийн зөв бичих зүй, (Буриад хэлний баримтын жишээгээр судлах нь)” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

Уг илтгэлд 1940-өөд оноос хойш дэлхий дахинаа хэл шинжлэлд “colloqualization” буюу “яриажуулах хандлага” хэмээх үзэгдлийг Буриадад хадгалагдаж буй XIX-XX зууны монгол бичгийн дурсгалын баримтад тулгуурлан, түүхэн харьцуулсан арга зүйн хүрээнд бичгийн хэлний хувьслыг тухайн үеийн түүхэн нөхцөл байдалтай уялдуулан авч үзсэн судалгааны сонирхолтой үр дүнгээс танилцууллаа.

Семинарын хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид болон оюутнууд сонирхолтой асуулт асууж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.