МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн нь МУИС-ийн эрдэмтэн профессор багш нарын бүтээлийн эмхэтгэлийг “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралаар эрхлэн хэвлүүлдэг билээ. Энэ удаагийн цувралаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Маулетийн Зулькафилийн туурвисан эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл 2 боть бүтээлийг уншигч олны хүртээл болголоо.
Тус бүтээлд “Шинжлэх ухааны сэтгүүл зүйн онол практикийн зарим асуудал”, “Сэтгүүл зүй танин мэдэх өвөрмөц хэлбэр болох нь”, “Мэдээллийн шинэ технологи болон уламжлалт сэтгүүл зүй”, “Дэлхийн радио сэтгүүл зүйн үүсэл хөгжлийн зарим асуудалд”, “Сэтгүүлчийн ёс зүйн онолын зарим асуудал”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүсэл, хөгжлийн асуудалд”, “Эссе сэтгүүл зүйн бичлэгийн чухал зүйл болох нь” зэрэг олон сонирхолтой өгүүлэл багтжээ.
Номын нээлт 2024 оны 6-р сарын 3-ны өдөр МУИС-ийн хичээлийн төв байрны хурлын танхимд болов. Номын нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрдэмтэн багш, судлаачид болон профессор М.Зулькафилийн гэр бүл, найз нөхөд, шавь нар өргөнөөр оролцсон юм.