МУИС-ийн профессор Э.Чимэдцэрэнгийн “Монголын эмэгтэйчүүд судлал”, “Харь улс орны тухай бүрэн тэмдэглэл, Эрдэм шинжилгээний өгүүллүүд” 2 боть номын нээлт боллоо

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн нь МУИС-ийн эрдэмтэн профессор багш нарын бүтээлийн эмхэтгэлийг “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралаар эрхлэн хэвлүүлдэг билээ. Энэ удаагийн цувралаар түүхийн ухааны доктор, МУИС-ийн хүндэт профессор Элчинбуугийн Чимэдцэрэнгийн туурвисан эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн уншигч олны хүртээл болголоо.

Тус бүтээлийн нэгдүгээр ботид “Монголын эмэгтэйчүүд шинэ амьдралын замд (1921-1931)”, “БНМАУ-д эмэгтэйчүүдийг нийгмийн дарлалаас чөлөөлсөн түүхэн туршлага”, “Монголын эмэгтэйчүүдийн мэдлэгийн уламжлал дэвшлийн зарим асуудлууд” зэрэг товхимол, нэгэн сэдэвт бүтээл багтсан бол хоёрдугаар ботид “Харь орны тухай бүрэн тэмдэглэл” гэх хятад сурвалжийн орчуулга болон эрдэм шинжилгээний өгүүллүүд багтжээ.

Номын нээлт 2024 оны 10-р сарын 29-ний өдөр МУИС-ийн номын сангийн 502 тоот хурлын танхимд болов. Номын нээлтийн арга хэмжээнд профессор Э.Чимэдцэрэнгийн үр хүүхдүүд, МУИС-ийн түүхийн тэнхимийн үе үеийн төлөөлөл эрдэмтэн багш, судлаачид оролцсон юм.