МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн нь МУИС-ийн эрдэмтэн профессор багш нарын бүтээлийн эмхэтгэлийг “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралаар эрхлэн хэвлүүлдэг билээ. Энэ удаагийн цувралаар Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор Нацагийн Хавх, философийн ухааны доктор, профессор Должинсүрэнгийн Баттөмөр нарын туурвисан эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн уншигч олны хүртээл болголоо.
Профессор Нацагийн Хавхын “Нийгэм-Хүмүүнлэгийн шинжлэх ухааны онол практикийн асуудлууд” гэх бүтээлийн эмхэтгэл нь 1. Нийгмийн гүн ухаан, 2. Социологи, 3. Уламжлалт ухаан судлал, 4. Буддын соёл судлал зэрэг дэд бүлэгт багтах эрдэм шинжилгээний бүтээлүүдээс бүрдсэн байна.
Профессор Должинсүрэнгийн Баттөмөрийн “Онолын философийн асуудлууд: Логик, эпистемологи, шинжлэх ухааны философи, математикийн философи” гэх бүтээлийн эмхэтгэл нь 1. Логик, 2. Танин мэдэхүйн онол, 3. Шинжлэх ухааны философи ба арга зүй, 4. Математикийн философи, 5. Дэлхийн философи, Шинжлэх ухааны шилдэг өв сангаас /орчуулга/ зэрэг дэд бүлгүүдэд хамаарах эрдэм шинжилгээний бүтээлүүдээс бүрджээ.
Номын нээлт 2024 оны 12-р сарын 23-ны өдөр МУИС-ийн хичээлийн 1-р байрны эрдмийн танхимд болов. Номын нээлтийн арга хэмжээнд философийн салбарын эрдэмтэн судлаач, багш нар оролцсон юм.