“ДЭЛХИЙН АСУУДАЛ, НҮҮДЭЛЧДИЙН ШИЙДЭЛ” сэдэвт “КЕМБРИЖ МОНГОЛ ФОРУМ-II” боллоо

“Кембриж Монгол Форум II”-ыг Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв (MIASU) Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн Чингис Хааны өв соёлын хүрээлэн Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн Сити их сургууль Монголын Уран Зургийн Галерей хамтран тус форумыг 2024 оны 8-р  сарын 19, 20-нд зохион байгууллаа. 

Монгол Улс өнгөрсөн зуунд үндэсний тогтсон хэв шинжийн хувьд ихээхэн өөрчлөлтийг даван туулсан. Нүүдэлчин амьдралын хэв маяг, феодалын болон социализмын үеийн түүх нь монголчуудыг бурангуй, хоцрогдсон үндэстэн мэт төлөөлж байсан бол өдгөө Чингис хааны, нүүдлийн соёл иргэншлийн өвд суурилсан түүх, соёлоороо бахархах үндэсний нийтлэг үнэт зүйлсийг бий болгож байгааг Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Дэлхийн асуудал, нүүдэлчдийн шийдэл” сэдэвт “Кембриж Монгол Форум II”-ыг үеэр онцолж байлаа.

Энэ өөрчлөлт нь цар тахлын дараах үеийн хоёр том бүтээн байгуулалтаар илэрсэн гэж болно. Тодруулбал, үндэсний соёлын тэргүүлэх байгууллага Чингис хаан Үндэсний музейг байгуулсан, Монгол үндэстэн дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болохоо харуулахыг зорьж “Нүүдэлчин” соёлын наадмыг зохион байгуулж эхэлсэн юм. Нүүдэлчин ахуй, өв соёлоо онцлон анхаарч байгаа нь дан ганц Монгол Улс биш юм. Нүүдэлчдийн өв соёлоо ямар нэг хэмжээгээр хадгалж, хамгаалж буй Хятад, Орос, Төв Азийн бусад улс үндэстэнтэй харьцуулахад Монгол Улс хаана байна вэ? гэсэн асуулт гарч байна. Тиймээс энэ форум нь Чингис хаан ба нүүдлийн соёл иргэншил нь Монголын төдийгүй дайн тулаан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн нийтэд тулгамдаж буй асуудлуудад шийдэл олоход ач холбогдолтой, цаашлаад Монголын шинэ алсын харааны үндэс суурийг хэлэлцэх талбар болохыг зохион байгуулагчид нь онцолжээ.

Загвар зохион бүтээгчид, жижиглэн худалдаачид бараа, бүтээгдэхүүнээ “тогтвортой ноолуур” гэж баталгаажуулж, зах зээлд гаргахыг оролдох болжээ. Ноолуур үйлдвэрлэдэг малчдыг мөн үүгээр дамжуулан өөрийгөө таниулж сайжруулахыг хүсэж байгаагаа тэрбээр илэрхийлээд, “Монгол малчдын тогтвортой брэндинг, шошго зэрэг санаачилгыг хэрхэн ойлгож, удирдан чиглүүлэх арга замыг судалсан угсаатны зүйн судалгааны үр дүнд бид “тогтвортой ноолуур” хэмээх ойлголт нь бэлчээрийн мал аж ахуйн улс төрийн эдийн засагт явцуу, техникийн ойлголтыг бий болгож байна гэж үзэж байна. Нүүдлийн мал аж ахуйн соёлын өв, өвөрмөц байдлыг хамгаалахаа илэрхийлдэг малчдын өөрсдийнх нь улс төрийн санаа зовоосон асуудлыг “соёлын тогтвортой байдал” гэдэг ойлголтоор дамжуулан олон улсын брэнд болгох нь илүү дээр байж болох юм” хэмээв.

Монгол Улс үндэсний соёлоо сурталчлах, дотоодын улс төрийн дарамт шахалтыг намжаах, олон улсын хэмжээнд дуу хоолойгоо нэмэхийн тулд ЮНЕСКО-гийн гишүүнээр элсэж, конвенцуудад нь нэгдэн оржээ.

Монгол Улс 1964 онд ЮНЕСКО-гийн гишүүн улс болсноос хойш 1968 онд насанд хүрэгчид бүх нийтээрээ бичиг үсгийн боловсрол эзэмшин, 1976-2010 онд “Төв Азийн соёл иргэншлүүдийн түүх” зургаан ботийг хэвлэхэд хувь нэмэр оруулж, ЮНЕСКО-гийн “Торгоны зам” хөтөлбөрт хамрагдсан билээ. Эдгээр оролцоо нь 1989, 1998 онд Монгол Улс, Төв Азийн орнуудад ЮНЕСКО-гийн төлөөлөгчийн газар, харьяа судалгааны хүрээлэн, төв байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. “ЮНЕСКО-гийн Нүүдлийн соёл иргэншлийн түүх” зургаан боть цуврал номыг өнгөрсөн онд хэвлүүлэхээр Монгол Улс санал болгосон тогтоолыг ЮНЕСКО баталсан байдаг. Гадаад, дотоод бодлогын өөрчлөлттэй уялдсан эдгээр санаачилга, төслүүд Монголын нийгэм, тэр дундаа эрдэмтэн судлаачид, улстөрчдөд ихээхэн нөлөөлжээ.