МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол судлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж ХБНГУ-ын монголч эрдэмтэн Удо Б.Баркманнд Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.
Хүндэт цол олгох хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны 9-р сарын 05-ны өдөр МУИС-ийн Төв байрны 320 тоотод боллоо. Уг ёслолд ахмад эрдэмтэд, доктор, профессор багш судлаачид оролцсон юм.
Монголч эрдэмтэн Удо Б.Баркманн нь ХБНГУ-ын Хумболдтын Их сургуулийг монгол судлал-түүхч, МУИС-ийг монгол, манж хэлний мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 1985–1994 онд Берлиний Хумболдтын Их сургуулийн Ази, Африкийн судалгааны салбарт ажиллаж, 1996-1997 онд Германы судалгааны сан, 2001-2008 болон 2009-2013 онуудад МУИС-ийн Нийгмийн ухааны салбарын түүхийн тэнхимд зочин профессор, Германы солилцооны хөтөлбөрийн албан төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Тэрээр Монголын түүх, геополитикийн талаар арвин бүтээл туурвисан бөгөөд түүний монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хүндэт профессор цолоор шагнасан ба 2021 онд Монгол улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ.