МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн нь МУИС-ийн эрдэмтэн профессор багш нарын бүтээлийн эмхэтгэлийг “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралаар эрхлэн хэвлүүлдэг билээ. Энэ удаагийн цувралаар Монгол Улсын Гавьяат Багш, Шинжлэх ухааны доктор, профессор Цэдэндагвын Гомбосүрэнгийн туурвисан эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн уншигч олны хүртээл болголоо.
Тус бүтээлийн тэргүүн ботид “онтологи, эпистемологи асуудал”, “философи аргууд”, “философийн сургалт дахь заах аргын болон зохион байгуулалтын асуудал”, “нийгмийн тухай философийн зарим бүрэлдэхүүний асуудлууд”, “соёлын тухай философи онолын боловсруулалт” зэрэг бүлгүүдэд хамаарах эрдэм шинжилгээний өгүүллүүд багтсан бол дэд ботид “үнэлэмжийн тухай философи мэдлэг”, “шашны тухай философи болон шашны философи”, “ёс суртахуун, зан суртахуун ба ёс зүй”, “орчин үеийн философийн асуудлаас”, “хэлний тухай философи ба хэл шинжлэлийн (лингвистик) философи”, “хүний тухай өөр өөр философидолт”, “философи үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд явуулах талаар дахин өгүүлэх нь”, “философидох соёлыг хангалттай эзэмшээгүй уншигчдад зориулах нь” зэрэг бүлгүүдэд хамаарах эрдэм шинжилгээний өгүүлэл, сурах бичиг тэргүүт бүтээлүүд багтжээ.
Номын нээлт 2025 оны 12-р сарын 02-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоот хурлын танхимд болов. Номын нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын төлөөлөл, Философи шашин судлалын тэнхимийн хамт олон, ахмад багш нар, төгсөгчид мөн Философийн хүрээлэн болон бусад их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо.