“Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов

ХБНГУ-ын монголч эрдэмтэн, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хүндэт доктор, Монгол Улсын Их сургуулийн хүндэт доктор Удо Б.Баркманны 70 насны ойд зориулсан “Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр МУИС-ийн Дугуй зааланд амжилттай болж өнгөрлөө. Тус хурал “XIII–XX зууны эхэн үеийн өмчийн харилцаа”, “1992 он хүртэлх өмчийн харилцаа”, “1992 оноос хойших өмчийн харилцаа” гэсэн үндсэн 3 хэсэгт Герман, Англи, Америк, Орос, Япон, Монголын эрдэмтэн судлаачид судалгааныхаа үр дүнг илтгэлээ.

Хурлын үндсэн илтгэлийг “Монгол судлалд шинэ судалгааны хэтийн төлөв шаардлагатай байна: Монголын нийгмийн хөгжилд өмчийн үүрэг (1691-1911)” сэдвээр монголч эрдэмтэн Удо Б. Баркманн хэлэлцүүлэв.

Хурлын үеэр Удо Б.Баркманны 1999 онд туурвисан “Монголын түүх” нэгэн сэдэвт бүтээлийн монгол орчуулгын номын нээлт болов. Уг бүтээл нь их гүрнүүдийн Монголын талаар XVII-ХХ зуунд явуулсан бодлогын түүхийг олон улсын харилцааны үүднээс монгол, орос, англи, герман, хятад, франц хэл дээрх архивын эх сурвалжид үндэслэн судалж, Монголын түүхийн 1636-1945 он хүртэлх үеийн эгзэгтэй асуудлыг нарийвчлан авч үзэж 15 бүлэгт хуваан бичигджээ.