Гадаадын залуу монголч эрдэмтдийн зуны сургууль боллоо

Гадаадын залуу монголч эрдэмтдийн зуны сургуулийг БШУЯ, Монгол Судлалын Үндэсний Зөвлөл, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Монгол лсын Их Сургуультай хамтран 2013 оны 7-р сарын 01-нээс 7-р сарын 14-ний хооронд зохион байгууллаа. 11 дэх удаагийн зуны сургуульд ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Турк, Тайван зэрэг 6 орны 20 гаруй залуу судлаач оролцож, МУИС, ШУА, МУБИС-ийн эрдэмтэн, багш нар түүх-угсаатан судлал, хэл-утга зохиол, соёл- урлагийн чиглэлээр хичээл зааж, сургалт явууллаа.

Мөн соёлын арга хэмжээний хүрээнд монгол орны дурсгалт газрууд, Монгол үндэсний наадам, Үндэсний музей, Төв номын сангийн ховор хуучин, үнэт номын үзэсгэлэн зэргийг үзэж сонирхсон бөгөөд зуны сургалтын онцлох нэгэн зүйл нь Монгол улсын болон гадаадын залуу судлаачдын дунд эрдэм шинжилгээний олон улсын бага хурал зохион байгуулж өөрсдийн судалгаа, шинжилгээний талаар эрдэм шинжилгээний илтгэл тавьж хэлэлцүүлсэн явдал юм. Мөн залуу монгол судлаачид Өвөрхангай аймгийн Хархорин, Эрдэнэ зуу хийдийн чиглэлд танилцах аялал хийжээ. Энэхүү Гадаадын залуу монгол судлаачдын зуны сургуулийг зохион байгуулснаар сургалтад хамрагдсан залуу судлаачид нь монголын нүүдэлчдийн хэв шинжит амьдралтай танилцахаас гадна ирээдүйн судалгааныхаа чиглэлийг тодотгох, монгол улсын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэдтэй цаашид хамтран ажиллах өргөн бололцоог олгож буй билээ. Мөн хилийн чанад дахь монгол судлалыг өргөжүүлэн, түгээн дэлгэрүүлэх ихээхэн ач холбогдолтой юм.