МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монгол судлалын хүрээлэн, Монголын Үндэсний номын сан, МУИС-ийн Номын сан хамтран 2019 оны 8-р сарын 22-24-ний өдрүүдэд “Дэлхийн номын сангууд дахь монгол сурвалж бичгийн өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус хурал нь дотоод, гадаадын судлаач нарын болон номын сангууд хоорондын хамтын үйл ажиллагааг эрдэм шинжилгээ, судалгааны түвшинд хөгжүүлэх зорилготой юм.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, БСШУСЯ-ны ШУТГазрын Инновацийн албаны дарга Д.Одгэрэл, ШУТСангийн захирал М.Тунгалаг нар оролцон үг хэллээ.
Хуралд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Польш болон Монгол улсын нэр хүндтэй судлаачид болох Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор Х.Фүтаки, Тохоку их сургуулийн профессор Хитоши Курибаяши, ОХУ-ын Хүмүүнлэгийн ухааны сургуулийн профессор Анна Цендина Дамдиновна, ОХУ-ын ШУА-ийн судлаач Ванчикова Сэмжид, судлаач Алла Сизова, Өвөр Монголын номын сангийн судлаач Сэцэнбилэг, БНХАУ-ын ШУА-ийн судлаач Отгон, Нийгмийн ухааны доктор Бүргэд, ХБНГУ-ын Мюнхен хотын Бавариа улсын номын сангийн судлаач Волфганг Шмит-Гарибиан, Варшавын их сургуулийн судлаач Р.Бямбаа, ОХУ-ын Буряд улсын Үндэсний номын номын сангийн судлаач Будаева Дарима Николаевна, МУИС-ийн профессор Ш.Чоймаа, Д.Бүрнээ Б.Түвшинтөгс, СУИС-ийн профессор Ж.Цэзэн, ШУА-ийн судлаач Р.Отгонбаатар, Э.Пүрэвжав, МУИС-ийн номын сангийн судлаач С.Найгалмаа, Монголын Үндэсний номын сангийн судлаач Т.Баярлах тэргүүтэй 30 гаруй судлаачид илтгэл хэлэлцүүллээ.
МУИС, Монгол судлалын хүрээлэн нь Монголын Үндэсний номын сан болон бусад судалгаа шинжилгээний байгууллагатай хамтран “Монгол сурвалж бичгийн өв” сэдэвт цуврал олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж байна.