Чингис хаан түүний үр сад номын нээлт боллоо

     МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “Monumenta Mongolica” цувралын хүрээнд Японы нэрт эрдэмтэн, дорно дахин судлаач Окада Хидэхиро-гийн “Дэлхийн түүх мэндэлсэн нь” хоёр дах хэвлэл (2018), Энх-Амгалан хааны захидлууд (2018) П.Наранбаярын орчуулгаар хүргэсэн билээ. Тус цувралын үргэлжлэл болгон Японы нэрт эрдэмтэн, дорно дахин судлаач Окада Хидэхиро-гийн “Чингис хаан түүний үр сад” хэмээх судалгааны бүтээл доктор П.Наранбаярын орчуулгаар нээлтээ хийн танд хүрч байна.

    Номын нээлт 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цагт МУИС-ийн Номын сангийн 202 тоот танхимд боллоо. Номын нээлтийн үеэр судлаач Окада Хидэхирогийн эхнэр Тооёо Бүнко сангийн судлаач, түүхч Мияваки Жүнко “Окада Хидэхирогийн түүхийн үзэл, судалгааны тухайд” сэдэвт лекц уншлаа. Тэрбээр эрдэмтэн, судлаач Окада Хидэхирогийн түүхийн судлалын үзэл баримтлал, судалгааны тухай дурдаж, бүтээлийг нь цуврал болгон орчуулсан П.Наранбаяр болон МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд талархаж буйгаа илэрхийлэв.

    Номын нээлтэд МУИС-ийн магистр, докторант оюутнууд болон багш, профессорууд, бусад байгууллагын судлаачид, сонирхогчид өргөнөөр оролцлоо.
Та бүхэнд Тооёо Бүнко сангийн судлаач, түүхч Мияваки Жүнко “Окада Хидэхирогийн түүхийн үзэл, судалгааны тухайд” сэдэвт лекцийг доорх файлаар хүргэж байна.