Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн нь гадаадын иргэн болон төрийн албан хаагчийн монгол хэлний мэдлэг шалгах сорилго боловсруулж, үндэсний стандарт болгон хэрэгжүүлэх “Монгол хэлний стандарт шалгалт” төслийг 2021 оны 6-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Уг төслийн гүйцэтгэгч багт гадаадын их дээд сургууль болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, Монгол судлалын хүрээлэн; МУБИС; ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн; БШУЯ-ны Боловсролын хүрээлэн; АШУҮИС, Монсудар хэвлэлийн газар, Монгол хэлний төв зэрэг байгууллагын монгол хэл шинжлэлийн чиглэлээр судалгааны бүтээл туурвисан онол-практикийн туршлагатай эрдэмтэд, судлаачид, залуу багш нар ажиллаж байна.
Дэлхийн олон улсад өөр өөрийн хэлний түвшин тогтоох TOEFL (Test of English as a Foreign Language), ELPT (English Language Proficiency Test), KLPT (Korean Language Proficiency Test), JLPT (Japanese Language Proficiency Test), CLPT (Chinese Language Proficiency Test), Chinese Proficiency Test (HSK) зэрэг албан ёсны шалгалт байдаг. Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж, монгол судлалын цар хүрээ тэлэхийн хэрээр монгол хэлийг сурч судлагч, манай оронд ажиллаж амьдрагч гадаад иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй уялдаж, гадаадын иргэдээс монгол хэлний түвшин тогтоох шалгалт авах шаардлага зүй ёсоор тулгардаг. Гэтэл өнөөг хүртэл монгол хэлний түвшин тогтоох албаны ёсны шалгалтыг боловсруулан гаргаагүй байна. Нөгөө талаар, дотоодод төрийн албаны шалгуурын нэг үзүүлэлт болох эх хэлний мэдлэгийг шалгах монгол хэлний шалгалтыг зорилтот бүлгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, үндэслэлтэй боловсруулах нь нэн чухал юм. Дээрх эрэлт хэрэгцээ, шаардлагын улмаас монгол хэлний түвшин тогтоох үндэсний стандарт шалгалтыг боловсруулахад энэхүү төслийн зорилго оршино.
Уг төслийн удирдагчаар МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д. Заяабаатар ажиллаж буй бөгөөд дэлхийн олон улсад байдаг тухайн хэлний түвшин тогтоох шалгалтын агуулга, түүнийг боловсруулсан аргазүйд тулгуурлаж, эх хэлнийхээ бүтэц тогтолцоо, практик хэрэглээний онцлогт тохирсон шалгалтын стандартыг боловсруулахаар цахим өгөгдөлд суурилсан статистик судалгаан дээр үндэслэн ажиллаж эхний удаагийн өгөгдлийн шатаа дуусгаад 2021 оны 10-р сарын 21-нд төслийн нэгдсэн багаараа ажлаа хэлэлцэж дараагийн шат руу шилжлээ.
Төслийн үр дүнд монгол хэлний түвшин тогтоох шалгалтын стандартыг гадаадын иргэн ба Монгол улсын иргэнд зориулсан хоёр хувилбараар эмхэтгэсэн СD-тэй ном, цахим орчинд шалгах программ хэрэглээнд нэвтрэх юм.
Мэдээ бэлдсэн:
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан
Э.Уранбилэг