АКАДЕМИЧ Д.ТӨМӨРТОГООГИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЧУУЛГАН” 10 БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

           Академич Домийн Төмөртогоогийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган” 10 номын нээлт МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль дээр 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр боллоо.

БШУЯ-ны сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс “Монгол судлалын шилдэг өв” цувралаар энэхүү 10 боть бүтээлийг эрхлэн хэвлүүлсэн байна. Тус бүтээлийн чуулганд профессор Д.Төмөртогоогийн 1960-аад оны дундаас эхлэн монгол хэлний түүхэн авиа зүй, үг зүй, үгийн сан, монголчуудын үсэг бичиг, бичгийн дурсгалын талаар бичсэн нэг сэдэвт бүтээл, толь бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлээс сэдэв агуулгыг нь харгалзан “Монгол хэлний хөгжлийн түүх” (I боть), “Монгол хэлний бичгийн дурсгалууд” (II-IV боть), “Монгол судлалын түүх” (V-VI боть), “Монгол хэлний үгийн бүтэц, тогтолцоо” (VII боть), “Монгол хэлний түүхэн хэлний зүй” (VIII боть), “Монгол хэлний үгийн сангийн судалгаа” (IX боть), “Монгол хэл шинжлэлийн өгүүллүүд” (X боть) гэсэн ерөнхий агуулгад багтаан багцалжээ.

         Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль,  Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо.