2023 оны 7-р сарын 7-ны өдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, профессор Д.Заяабаатар АНУ-ын Цинцинатийн их сургуулийн профессор Даниел Мөрфитэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.
Профессор Даниел Мөрфи нь сүүлийн 20 гаруй жил малчдын соёл зан заншил, нийгэм, эдийн засгийн байдлыг авч үзэн, тэдний амьдралыг хэрхэн сайжруулах талаар судалж иржээ.
Цинцинатийн их сургууль, ялангуяа антропологийн тэнхим, тус хөтөлбөрийн зүгээс МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Шинжлэх ухааны сургуультай хамтран “Монгол-Америк оюутан солилцооны хамтарсан хөтөлбөр” боловсруулах талаар харилцан судлахаар тохиролцлоо.
Уг хөтөлбөрт оюутны кредит харилцан шилжүүлж тооцох, Монгол-Америк оюутнууд хамтран ажиллаж, судалгаа явуулах зэргээр зохион байгуулалтын шинэлэг хэлбэрийг эрэлхийлэх нь Монгол судлалд залуу үеийг оролцуулах, цаашид олон улсад Монгол судлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болох аж.