АНУ-ын Массачусетсийн Технологийн Институтийн Хэл шинжлэл, философийн тэнхимээс санаачлан 2003 оноос хойш жил бүр уламжлан болгон зохион байгуулж буй “Алтай хэлний хэлбэрийн хэл шинжлэл” (Workshop on Altaic Formal Linguistics / WAFL) олон улсын эрдэм шинжилгээний цуврал хурлын 17 дахь удаагийн хурлыг Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим хамтран 2023 оны 9-р сарын 26-аас 9-р сарын 29-ний хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус хурлын гол зорилго нь алтай овгийн хэлнүүдийг орчин цагийн хэл шинжлэлийн “эцэг” хэмээн алдаршсан АНУ-ын хэл шинжлэлч Ноам Чомскийн үндэслэн хөгжүүлсэн үүсгүүр хэл зүй, түгээмэл хэл зүй зэрэг хэлбэрийн хэл шинжлэлийн онол, арга зүйгээр голлон судалгаа хийдэг эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлын үр дүн, ололт амжилтыг хэлэлцүүлж, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд оршино.
Энэ удаагийн хуралд 10 улсын 33 их сургуулиас 64 хэл шинжлэлтэн ирж, монгол, түрэг, узбек, түнгүс, нанай, солонгос, япон хэлний асуудлаар 23 үндсэн илтгэл хэлэлцүүлж, 20 ханын илтгэл танилцууллаа.
Тус хурлын нэг онцлог нь хэл шинжлэлийн сургалт, судалгаагаагаар дэлхийн шилдэгт тооцогддог АНУ-ын Массачусетсийн Технологийн Институт, Чикагогийн Их Сургууль, Сан Диего дахь Калифорнийн Их Сургууль, Канадын Торонтогийн Их Сургууль, Японы Токио Их Сургууль, Осака Их Сургууль, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль, ОХУ-ын Москвагийн Улсын Их Сургууль, Нидерландын Амстердамын Их Сургууль, ХБНГУ-ын Гөттингений Их Сургууль зэрэг олон их сургуулиас Шигэрү Миягава (Shigeru Miyagawa), Норвин Ричардс (Norvin Richards), Жаклин Корнфилт (Jaklin Kornfilt), Мамору Сайто (Mamoru Saito) тэргүүтэй хэл шинжлэлийн нэртэй эрдэмтэд ирж оролцсоноос гадна монгол хэлний цаг, хэв, байдал, баримтын ай, тийн ялгалын ай, зохицох ёс, холбох нөхцөл, хэлхэц, өгүүлбэрийн бүтэц зэрэг олон асуудлыг орчин цагийн хэл шинжлэлийн онол, арга зүйн үүднээс тайлж тайлбарласан олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн байна.
Тус хуралд хэлэлцүүлсэн илтгэлийн дэлгэрэнгүй өгүүллийг Массачусетсийн Технологийн Институтийн Хэл шинжлэл, философийн тэнхимийн эрдэм шинжилгээний цувралд эмхэтгэл болгон хэвлүүлэхээс гадна зарим шилдэг өгүүллийг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн англи хэлээр хэвлүүлдэг Acta Mongolica сэтгүүлд тусгай дугаар болгон хэвлүүлэхээр болсныг дуулгахад таатай байна.