Жүгдэрийн Лувсандоржийнн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хүндэтгэлийн хурал боллоо

Жүгдэрийн Лувсандорж Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, Бүгд Найрамдах Чех Улсын Карлын Их Сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимд зочин багш, профессороор олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан монгол судлалын нэрт эрдэмтэн билээ. Тэр бээр монгол хэл бичиг, хэл шинжлэл, монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд насан турш зүтгэж, Монголын нууц товчоон судлал, угсаа хэл шинжлэл, монгол хэлний авиа зүй, монгол бичиг, монгол хэлийг гадаад хүнд заах онол, арга зүйн чиглэлээр олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээл бичиж, монгол, англи, чех, орос хэлээр хэвлүүлжээ.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Ж.Лувсандоржийн мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн хурал зохион байгуулж, түүний монгол хэл бичиг, монгол судлалын чиглэлийн эрдэм шинжилгээний бүтээлийн ололт амжилт, хувь нэмрийг үнэлэн хэлэлцлээ.