МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол судлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Япон улсын иргэн Сүгияама Тэрүзо-д Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.
Хүндэт цол олгох хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны 5-р сарын 21-нд МУИС-ийн Төв байрны 320 тоотод боллоо. Уг ёслолд ахмад, эрдэмтэн, доктор, профессор, багш нар, судлаачид оролцсон юм.
Япон гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо нь анх 1983 онд Монгол улсад хөл тавьж байсан бөгөөд 1987 онд “Монгол зураг” /Монголын шашны зураг/, 1988 онд “Монголын дүрслэх урлаг”, 1990 онд “Монголын сүм хийд болон бурхад”, 1990 онд “Монголын уран баримал” /Монголын цутгамал бурхад/, 1992 онд “Монголын нүүдэлчид”, 1996 онд “Монголын нууц эрдэнэс”, 1998 онд “Монголын шашны дүрслэх урлаг”, 2017 онд “Улаанбаатар хот 1983-2016” нэртэй зургийн цомог болон үзэсгэлэн гаргаж байсан төдийгүй ОХУ, ХБНГУ, Дани зэрэг улсуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өвийн үнэт бүтээлүүдийг эрэн сурвалжилж, 1999 онд гэр зургуудыг авч хадгалжээ.
Тэр бээр 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор шагнагдсан юм.