


Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Монгол Улсын Их Сургуулийн профессор Мөнхжаргалын Базаррагчаагийн 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хуралд МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэн хамтран зохион байгуулагчаар оролцлоо.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Medle цахим сургуулийн эрдэмтэн судлаачид, профессор М.Базаррагчаагийн үе үеийн шавь нар оролцов.
Мэргэжлийн байгууллагын судлаачид Профессор М.Базаррагчаагийн судалгаа: монгол хэлний авиа судлал, үгийн гарал судлал, бүтээвэр судлал, өгүүлбэр судлал, эх судлал, үгийн сан судлал, хэл шинжлэлийн нэр томьёо, заах арга зүйн талаар илтгэл хэлэлцүүлэв. Тухайлбал, Монгол Улсын Их Сургуулийн профессор, доктор Д.Бадамдорж, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Д.Боролзой нар “Профессор М.Базаррагчаагийн монгол хэлний үгийн сангийн судалгаа”, Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Ж.Ганбаатар, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор М.Энхжаргал нар “Профессор М.Базаррагчаагийн монгол хэлний бүтээврийн судалгаа” сэдэвт илтгэл танилцуулсан юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр Профессор “Мөнхжаргалын Базаррагчаа” гэрэл зургийн үзэсгэлэн, бүтээлийн үзэсгэлэн, “Монгол хэлний сүегэр ба найруулбар” ном, “Эрдмийн эрэлчин” баримтат нэвтрүүлгийн нээлт болж, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян, Монгол Улсын Гавьяат багш Ч.Жачин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Д.Баттогтох нар дурсамж хуваалцсан юм.