МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ МОНГОЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн анх 1991 онд Монгол судлалын лаборатори нэрээр байгуулагдсан бөгөөд тодорхой хугацаанд завсарлаж байгаад 2000 онд Монгол Судлалын Төв нэрээр дахин байгуулагдаж, 2011 оны 8 дугаар сараас МУИС-ийн захирлын 400 тоот тушаалаар Монгол Судлалын хүрээлэн нэртэй болж бодлого, үйл ажиллагааны хүрээ нь өргөтгөн зохион байгуулагдсан. 2013 оноос МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн харьяанд ажиллаж байна.
МСХ нь МУИС-ийн хэмжээнд монгол судлалын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, дэлхийн монгол судлалыг хөхиүлэн дэмжих, монгол судлалын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажил эрхлэн явуулдаг дотоод гадаадын байгууллага, төвүүдтэй хамтран ажиллах, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, монгол судлалын залуу халааг бэлтгэх, чадавхыг сайжруулах, монгол судлалын шилдэг бүтээл ном хэвлэн түгээх зорилготой судалгаа шинжилгээний байгууллага юм.
Тус зорилгын хүрээнд МСХ нь “Монгол судлалын мэдээллийн нэгдсэн сан”, “Монгол хэлний хэлзүйн лавлах толь бичиг”, “Монголын эртний түүх” (5 боть), “Юань улсын судар” (18 боть), “Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс” (9 боть) зэрэг төслүүд хэрэгжүүлсэн бөгөөд гадаадын залуу монгол судлаачдад зориулсан монгол судлалын зуны сургуулийг тогтмол зохион байгуулж Академич Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ринчен нарын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 3 залуу судлаачдад олгож байна.